За нээх сүрхий нэртэй юм бичих гэж байна. Үүнийг бичмээр санагдаад гар захтнаад болохгүй юм. Бүр бичихгүй байя гэсэн ч цаанаасаа л бич гээд байгаа юм шиг бичих зүйл өөрөө ундраад л байхын. Ход ход...
Өнгөрсөн 2010.11.12-нд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлөөс 1-4 курсын оюутнуудад зориулан ахлах ангийн гурван оюутнаар лекц уншуулах ажлыг зохион байгуулсан юм. Энэ лекц их өвөрмөц онцлогтой болсон. Юу нь онцлогтой гэхээр оюутан оюутандаа өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, хэрхэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдах боломж, эрдэм шинжилгээний илтгэл, курсын ажил, бие даалт хэрхэн бичиж, олны өмнө хэлэлцүүлэх арга, дотоод сэтгэлийн гүн ухамсар ертөнц дахь түм түмэн бодлуудаа хэрхэн амжилттайгаар эссэ болгон бичих аргын талаар илтгэгчид өөр өөрийн нандин нууцаа задалсан юмдаа. Бүр олон жил хадгалсан нууцаа задлах шиг болсон.
Энэ удаагийн зохион байгуулсан лекцэнд тийм олон оюутан ирнэ гэж миний хувьд лав ой тоонд буугаагүй юм. Гэтэл эсрэгээрээ лекцийн танхим дүүрсэн байлаа. Харамсалтай нь сургууль дээр тэр өдөр тог тасарсан. Бэлдэж ирсэн илтгэлээ харуулах боломж үгүй болсон нь багахан зэргийн харамсалтай байв. Гэвч энэ тийм чухал зүйлийн тоонд ороогүй юм.
Тэр олон оюутнууд хувийн зохион байгуулалтаа өндөржүүлж хүн бүхэн дор бүрнээ маш чимээгүй, анхааралтай нь аргагүй бидний яриаг сонссон юм. Микрофон байхгүй ч гэсэн ярьж байгаа хүний яриа тэдэнд тод сонсогдож, сонсогч асуух гэсэн асуултаа чөлөөтэй асууж, халуухан, сонирхолтой, анхаарал татахуйц хэлэлцүүлэг, лекц болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
За энэ удаа ямар нууц задарсан гэхээр Их сургуульд суралцах хугацаандаа хуримтлуулсан сурах арга барил, оюутны тэтгэлэг хөтөлбөрийг хэрхэн яаж ямар арга, тактикаар авч болдог талаар нилээд дэлгэрэнгүй зүйлийг 5-р курсын оюутан М.Мөнхжаргал дүү нартаа хандаж зөвлөгөө өгсөн юм. Яагаад үүнийг би нууц гээд байна гэхээр бид хоёр 5-н жил хамт нэг ангид сурахдаа энэ зүйлийн талаар хоорондоо бараг ярилцаж, санал солилцож байгаагүй зүйлийг мань хүн дүү нартаа зориулан уншсанд нь үнэхээр их сэтгэл хөдөлж, мөн баярлах, бахархал сэтгэл тэр үед төрж байсныг нуугаад яахав. Үнэхээр гайхалтай. Мөнхжаргалаас өөр хүн байсан бол энэ талаар үг цухуйлгахгүйдээ гэмээр зүйлийг тэнд ирсэн оюутнуудад маш энгийн байдлаар ярьж өгсөн. Мөн оюутны тэтгэлэгийн талаарх мэдээллийг хүртэл хэвлэж авчирсан байсан нь тэр лекцинд ирсэн оюутнуудын хувьд ахиж олдохгүй үнэтэй зөвлөгөө, том гарын авлага авч чадсан байх гэдэгт итгэнэм.
Мөн эрдэм шинжилгээний илтгэл, курсын ажил, бие даалт хийх аргачлалын талаар 4-р курсын оюутан Гантөмөр өөрийн туршлагаасаа хуваалцаж, санал солилцсон билээ. Юун дээр түлхүү анхаарах, юу бичиж байгаагаа гол шалгуураа болгох зэргийг өөрийн туршлага дээрээсээ үндэслэн гаргаж тавьснаараа онцлогтой байлаа.
Миний хувьд энэ олон оюутнуудад өөрийн багахан туршлагаасаа хуваалцахыг чин сэтгэлээсээ хүссэн билээ. “Юу байна түүгээрээ бусдад тусал” гэж үг миний санаанаас огт гардаггүй бөгөөд түүнийгээ л эх эрдэмтдийн өлгий, оюуны ундрага болсон Их сургуулийн эрхэм дүү, элгэмсэг нөхөддөө зориулахыг хичээнгүйлсэн билээ. Тэдэнд ЭССЭ гэж ямар зүйл болох талаар товч мэдээлэл өгөөд эссэ бичихэд зарим анхаарах зүйлийг ойлгуулахыг зорьсон. Анх их сургуулийн босгыг алхаж байхад, хэн ч надад энэ талаар зөвлөж байгаагүйгээ ухааран, өөрийн олж авсан өчүүхэн санаа, арга барилаа бусдад жишээ, үндэслэл, нотолгоотойгоор ойлгуулахыг зорьсон.
Бидний бусдад зориулан хичээгүйлэн бэлдсэн багахан зүйл маань сонссон, анхаарсан хүмүүст чимх төдийхөн хүрэхэд л бидний хэлсэн, ярьсан, бичсэн зүйлийн зорилго бага ч атугай биелэж байгаа нь тэрээ.
Энэхүү лекцинд үнэхээр л хадгалж явсан нууц задарсан. Нууц гэж хэлж байгаагийн учир нь бусдаас ялгаран түрүүлдэг байсан эссэ, илтгэл, оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах аргуудаа харамгүй зориулсанд л байгаа юм. Бид залуу хүмүүс учраас БҮГДЭЭРЭЭ ЛАГ байж л МОНГОЛ УЛС маань хөгжих болно.
Тийм болохоор оюутан болгон хичээж, хөдөлмөрлөж, аав ээжээсээ гуйлгүйгээр сургалтын төлбөрөө хийдэг болохын төлөө урагшлах алхам, урам зоригийг өвөрлөж явъя залуусаа.
Мөн
ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ГАЛ ХАЛУУН БАЯРЫН МЭНДИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭХИЙН ЯЛДАМД, АМЖИЛТ БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ...
НУУЦ БҮХЭН НУУЦААРАА ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ҮЛДЭЭСЭЭ...
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМДАА...