Тэртээ 1960-иад онд дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Үг бүхэн жигүүрлэж хүний сэтгэлд хүрэхгүй ч Үгэнд жигүүр ургуулж алсын одруу харавлаа би” гэж шүлэглэсэн байдаг. Тунгаан бодож уншихад үг гэдэг зүйлийн гайхамшиг, үг өөрийн хүчээ сум лугаа авчихсан тэрхүү агшинд алсын мянган оддын гялбаанд тусах гэрэл аятай билээ. Тиймээ үгийн гайхамшигаар дэлхий дахиныг байлдан дагуулсан олон олон суутнууд биднийг бишрүүлж, алмайруулан оршин байсныг тэдний бүтээл туурвилаас бэлхнээ уншиж, сонсож болно.
Оюутан байхдаа номын дэлгүүрт явж байгаад Жан-Поль Сартр гэх зохиолчийн ҮГ нэртэй номыг эргүүлэн, төдий л болгоомжтой бишээр хуудсыг нь аажуухнаар шажигнуулан нээж уншин зогсоход худалдагч надад хандан: Энэ номыг Г.Аюурзанын орчуулгаар саяхан манай дэлгүүрт худалдаанд гарчихсан байгаа. Авч уншихад их сонирхолтой ном гэж хэлж билээ. Хэзээ ч намайг номын дэлгүүрт явж байхад худалдагч нь “энэ номыг авч унш” гэсэн санал тавьж байгаагүй юм.
Нуулгүй хэлэхэд тухайн үед надад энэ номыг авах мөнгө байхгүй байлаа. (жижигхэн дүгнэлт: Мөнгөгүй ч гэсэн номын дэлгүүрээр тэнэх сайхан)
Гэвч “авч уншсан нь дээр” гэж худалдагчийн хэлсэн тэр цагаас л ҮГ-ийг авах хүсэлдээ автчихсан байж билээ. Харин тун удалгүй аз тохиож Цагдаагийн академиас зарласан “Хуулийн оюутан-2010 ” оюутны эрдэм шинжилгээний хурлын 2-р шатанд миний илтгэл шалгарсан тухай мэдэгдэж, тэр хуралд илтгэл тавьж, амжилттай оролцож 1-р байр эзлэж, шагналд нь миний авах гэж хүсээд авч чадаагүй байсан 1964 оны утга зохиолын нобелийн шагналт Жан-Поль Сартрын ҮГ хэмээх гайхамшигт номыг шагналд нь авч билээ.
Түрүүлсэндээ бус энэхүү номыг олж авсандаа өөртөө анх удаа баярлаж билээ.
Тиймээ энэ номыг гар дээрээ тавьсан тэр цагаас эхлэн би аз жаргал гэдэг зүйлийн үзүүрээс атгасан мэт болсон. ҮГ надтай тэр өдрөөс эхлэн үргэлж хамт байх болсон. Хаана ч явсан би түүнийг л уншдаг байлаа. Нэг уншлаа, дахин нэг удаа уншлаа. Унших тусам л улам намайг өөртөө татаад байсан. Хоёр удаа дараалж уншиж байж бага зэрэг тайвширч билээ. Ккк.
Гэтэл нэг өдөр номын хорхойтой найз маань унших гоё ном байна уу гэхээр нь өөрийн хайртай номыг уншаад эргүүлэн өгөөрэй гэж гэнэн цайлган сэтгэлдээ хөтлөгдөн өгч явууллаа. Манай найзад ч таалагдсан тухай сонсогдлоо. Мөн цаашаа уншигдан манай найзын найзад хүртэл таалагдсан гэх үг чихэнд сонсогдож, сайхан үгсийн хамт миний номны чимээ надаас бага багаар тасран сураг нь алдарч эхэлсэн юм. Тэр цагаас хойш өөрийнхөө номыг гар дээрээ барьж үзэлгүй 2 жил гаран болсны дараа, нэхэл дагуул, эрэл сурал болж байж өчигдөр л олж авлаа.
Энэхүү 2 жилийн хугацаанд би ҮГ нэртэй номыг номын дэлгүүрээс дахиж олж хараагүй. Уншууртай ном ямар хурдан зарагдаж дуусдаг болохыг энэ 2 жилийн хугацаанд “Үг”-ээр төлөөлүүлэн ойлгон авсан.
Та нар намайг гайхаж байна уу? Юун сүртэй юм. Ганц номны төлөө хэрэгтэй хэрэггүй зүйл эрээчлээ, үхлээ юу? гэж. Тэгэж бодох нэг нь бодоо бод. Ямар ч байсан энэ номонд гарах өгүүлбэр болгон нь зохиолчийн дотоод сэтгэлийн илэрхийлэл, тэр болгон хүний хэлэх гээд хэлж чаддаггүй ээдрээт, жигшмээр, хачин бодлууд, огиудас хүрмээр зүйлийг энгийн байдалд оруулж бичсэн хэлбэрүүд нь сонирхол татаж, мөн экзистенциализм буюу оршихуйн философийн тухай өгүүлж буй нь нүд сэргээмээр бөгөөд зохиолчийн өөрийнх нь намтарчилсан түүх давхар бичигдсэн болохоор илүү ихээр таалагдсан бизээ.
Би энэ номыг уншсан цагаас хойш түүх бус намтар унших сонирхолтой болсон. Учир нь “намтар бол онол биш туулсан бодит амьдрал” гэж нэгэнтээ нэгэн гоц хүн хэлсэн байдаг. Унших зүйлийнхээ өнцөг, өөрийн сонирхолоо дагах эрмэлзэл минь энэ номыг уншсан цагаас нээгдсэн гэж дотроо өчүүхэн төдий санадаг юм.
Ийнхүү бичээд сууж байхад нүдний өмнө дэлгээтэй байгаа ном минь нилээн хуучирч, навсайсан харагдах нь олон хүний гар дамжин уншигдсаар байгаад ядарсан мэт харагдана. Гэхдээ доторх агуулга нь хуучраагүй бусдыг өөртөө татсаар байгаа нь сэтгэлийг минь баясган сууна.
Одоо энэ номыг минь хэн нэгэн уншья гэж гуйх юм бол өгөхгүй ээ. Ямар ч байсан номын сангаасаа холдуулахгүй шүү... Бахдал бишрэлтэйгээр тунхаглан зарлав.
2012.10.31
Эгч нь англи хэлний орчуулагч. Сартрын тухай франц кино үзээд Үг гэдэг номы нь унших юмсан, мөн англи хэл дээр байдаг бол орчуулах юмсан гэж бодож байлаа. Чиний мэдээллээс монгол дээр орчуулагдсаныг мөн чи хоёр дахин уншсаныг сонсоод орчуулга нь дажгүй болсон байна гэж баярлалаа. Ямар хэлнээс орчуулсан байсан бэ? Мөн ямар хэвлэлийн газар хэвлэсэн байсан бэ?
Чамайг гүнээ хүндэтгэсэн,
Пүүжээ эгч нь