2012-11-20
Бид хэрхэн орон сууцтай болох вэ?

Сүүлийн үед аливаа зүйлд хандах хандлагадаа ихэвчлэн өөртөө анхаарлын тэмдэг тавьж харах, бодох болсон. Мөн Монголын ирээдүй гэгдэх залуу үеийн аж амьдралын тухай эргэцүүлэх болов. Өөрийгөө яая гэж байж, бусдын тухай санаа зовоод гэж та нөхөд хэлэх л байх. Гэвч бүх зүйл бусдаас хамааралтай учраас тэр шүү дээ.

Миний эргэн тойронд сургуулиа төгсөөд удаагүй байгаа амьдралын их далайд өөрийн хүч, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй зориг шийдмэг олон сайхан чадварлаг залуус байна. Тэд болон бидний хувьд хамгийн түрүүнд ажлын байр, мөн орох орон буюу амьдрах тохилог орон сууцыг эрж, хайж эхэлж байна... Гэвч энэхүү хэрэгцээгээ хангах боломж бололцоо өнөөгийн нийгэмд хэрхэн байгаа эсэхийг дундаж орлоготой залуу гэр бүлүүдийн жишээн дээр эргэцүүлэхэд:

Гэр бүл 1: Болдоо Заяа хоёр их сургуульд байхдаа бие биедээ хайр сэтгэлтэй болж танилцаад оюутны байранд хамт 3 жил амьдарч ирсэн. Одоо тэд сургуулиа төгссөн бөгөөд хувийн компанид ажилладаг. Болдоо сардаа 850 мянга, Заяа 700 мянган төгрөгний цалин авдаг бөгөөд хотын төвд нэг өрөө байр сард 500 мянган төгрөгөөр хөлслөн амьдардаг. Тэдний ойрын хугацааны зорилго нь өөрсдийн гэсэн 2 өрөө байртай болохын төлөө ажиллаж байгаа.

Гэр бүл 2: Ганаа Чимгээ хоёр сургуулиа төгсөөд л төрийн албанд ажилд орсон бөгөөд тэд одоо айлын хажуу өрөө сарын 250 мянган төгрөгөөр хөлслөн амьдардаг. Ганаа сардаа 450 мянга, Чимгээ 350 мянган төгрөгний цалин авдаг. Чимгээ Ганаа хоёр төрийн албан хаагчийн орон сууцны зээлд яаж ийж байгаад бушуухан хамрагдан байртай больё гэж өдөр болгон шахуу ярилцана. Тэдний  ойрын зорилго бол төрийн албан хаагчийн орон сууцны зээлд хамрагдан байртай болох.

Гэр бүл 3: Магнай нэгэн хувийн компанид хамгаалагч хийдэг бөгөөд оюутан охин Цэцэгээтэй үерхдэг. Аав ээжийнхээ байранд амьдардаг. Өөрийн хайрт болох Цэцэгээгээ саяхан аав ээжтэйгээ танилцуулсан бөгөөд одоо тэд хамт амьдарч байгаа. Магнай сардаа 500 мянган төгрөгний цалин гар дээрээ авдаг. Түүний хувьд Цэцэгээтэйгээ бушуухан шиг тусдаа гарч хамт амьдрах юмсан гэх бодол толгойноос гарахаа больсон. Тусдаа гарья гэхээр нэг л мөнгө санхүүгийн хувьд болж өгөхгүй байгаа.

Ийм гурван өөр төрлийн амьдралтай ч нэг зорилготой залуу гэр бүлүүд зүрх сэтгэлээрэй нэгдэн амьдран суудаг байжээ.

Тэд зах зээл дээр баригдаж байгаа байрны үнэ судалжээ. Гэвч өнөөгийн байдлаар дунджаар 50м2 -тэй хоёр өрөө байрны үнэ 1м2 нь 1.600.000 төгрөг. 50Х1600000=80.000.000 төгрөгний үнэтэй байна. Гэхдээ хотоос жоохон зайдуу нь ш дээ. Тэд энэхүү үнийг судлаад бүгд л өөрсдийн тооцооллыг хийв. Мөн байрны зээл авах талаар дор бүрнээ л хөөцөлдөж эхлэв. Тэдэнд зээл авах гэхэд дараах бэрхшээлүүд тулгарав. Барьцаа хөрөнгө, цалингийн хэмжээ, зээлийн олдоц бага, хүү өндөр гэх мэт зүйлсүүд... Залуу хүмүүс учраас энэхүү хэдхэн асуудал дээр зарим нь барьц алдан арай ч дээ гэж дуу алдах нь холгүй байв.

Байрны зээл судлахад ихэнх банкуудын байрны зээлийн сарын хүү 2%, жилийн 24%-ийн хүүг төлөхөөр байлаа. Мөн байр авахад эхний урьдчилгаа 30% буюу 24 сая төгрөгийг бэлнээр төлөхийг шаарджээ. Гэвч тэдний хэнд нь ч энэ хэмжээний мөнгө байхгүй байлаа. Монголчуудын үр хүүхдээ гэсэн сайхан сэтгэлээр тэдний аав ээжүүд байр авахад шаардагдах байрны урьдчилгаа төлбөрийг зарим нь өгөхөөр болов. Үхтэл үр харам гэдэгдээ.

 Гэр бүл 2 буюу Ганаа Чимгээ хоёрт аз таарч төрийн албан хаагчийн байрны зээлд хамрагдахаар болсон бөгөөд жилийн 6%-ийн хүүтэй зээл олдохоор болжээ. Тэр хоёр энэ мэдээгээ баяртайгаар хамаатан садангууддаа хэлж урьдчилгаа 24 сая төгрөгийг Ганаагийн авга ахаас зээлэв. Гэвч тэр хоёр, жилийн 6%-ийн хүүтэй 56 сая төгрөгнийхөө зээлийг 15 жилийн хугацаатайгаар сард 472.560 төгрөгийг төлөхөөр зээл авав. Ганаа Чимгээ хоёр сард нийлээд 800 мянган төгрөгний цалин аваад зээлэнд 472.560 төгрөг төлөөд 327.440 төгрөгөөр сард бусад хэрэгцээгээ ханган амьдрахаар байна. 24 саяын зээл мөн төлнө.

Гэр бүл 1 буюу Болдоо Заяа хоёрын хувьд төрийн албан хаагч биш учраас банкнаас жилийн 24%-ийн хүүтэй зээл олдохоор байгаа бөгөөд урьдчилгаа 24 саяас гадна 56 сая төгрөгний 15 жилийн хугацаатай зээл авахад сард 1.150.000 төгрөгний зээл төлнө. Тэдний сарын орлого нь 1.550.000 хэдий ч зээл төлөхөд тэдний гар дээр 400 мянган төгрөг үлдэж байна. Урьдчилгаа мөнгийг төлөх санхүүгийн боломж бололцоо тэдэнд байхгүй. Хэдий хир хугацаанд айлын байр хөлслөн амьдрахаа бодохыг ч хүсэхгүй байлаа.

Гэр бүл 3 буюу Магнайгийн хувьд дээрх мөнгийг төлж дийлэхгүй учраас Цэцэгээг сургуулиа төгсөхийг хүлээн, аав ээжтэйгээ хамт амьдрахаар шийджээ.

Орон сууцанд ороход эдгээр асуудлууд тулгарч байгаа бөгөөд хов хоосон, хотын захад байрлах ямар ч тавилагагүй хөндий байшинд амьдрахын тулд цалингийнхаа дийлэнхи хэсгийг төлөн амьдрах ирээдүй тэднийг хүлээж байна.

Хүн л болсон хойно зардал чирэгдэл их л гарна. Хамт амьдрахад хэрэглэгдэх энгийн хэрэглээнүүдийг нь хамгийн багаар тооцож үзэхэд:

·         Байрны (халаалт, ус, цахилгаан, СӨХ, бусад) мөнгөнд сард 100 мянган төгрөг,

·         Гар утасны төлбөр хэмнээд хоёулаа 30 мянга төгрөг,

·         Дандаа автобусаар зорчиход өдрийн ирж очихын хоёулаа 1600 буюу сарын 48000 төгрөг.

·         Ажил гэр хоёр хол учраас өдрийн цайнд өдөрт 3000 төгрөгөөр цайллаа гэхэд сард 132000 төгрөг.

·         Хүний амьдрал баялаг учраас зайлшгүй зардалд 100 мянган төгрөг,

·         Гэрт хэрэглэгдэх хоол хүнсэнд 200 мянган төгрөг

нийлбэр сард 610.000 төгрөгний зардал гаргаж байна.

Нэг зүйл дурдаагүй нь сард шинээр хувцас авахгүй байхаар тооцоолов. Яаж болгохыг таашгүй.

Эргэцүүлэн харахаар байрны зээлд хамрагдаад хамгийн багаар мөнгөө зарцуулаад амьдрахад цалингийн хувьд бусад хэрэгцээгээ хангахгүй байдал харагдаж байна. Ёстой нөгөө болгоё гэсэн хүнд боломж үргэлж нээлттэй гэдэг зүйр үгийг л хэлээд суухаас өөр алга байна.

дурдахад: төрийн албан хаагчийн байрны зээлд хамрагдах нь аз таарсан эргэлзээтэй асуудал бөгөөд олдоц муу байгаа.  

 

Өчүүхэн дүгнэлт: Байртай болох гэсэн хүсэл эрмэлзээтэй мянга мянган залуус байгаа хэдий ч тэдний хэрэгцээнд таарсан байрны нийлүүлэлт нь хүрэлцээ муутайгаас болж үнийн хөөрөгдөл газар авч байна. Энэхүү зүйлийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичиж байхад 2013 он гараад байрны үнэ улам өссөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Эдийн засгийн эрэлт нь их байхад нийлүүлэлт муу бол зах зээлийн хуулиараа үнэ өсөх гэдэг зүйл болж байна.

Жишээнд дурдагдсан дундаж цалинтай залуу гэр бүлүүдийн хувьд авч үзэхэд цалиндаа тохируулан байрны зээл төлөн амьдрахад хэцүү байгаа нь харагдаж байна.

Цалин орлогодоо таарсан мөнгөөр амьдарч чадахгүй болохоор хүн л болсон хойно өөр гарцыг хайна. Ингэхээрээ албан бус орлого олно. Жишээлбэл төрийн албан хаагч нь шат шатандаа авилгал авах гэх мэт, татвараас нууц орлого олоод ирэхээр далд эдийн засаг цэцэглэн хөгжинө гээд сөрөг асуудлууд их үүснэ.

 

Энэ удаагийн бичсэн зүйлдээ ямар нэгэн гарц олохыг хайгаагүй. Зөвхөн ийм байна гэсэн асуудал дэвшүүллээ.

Цаашид энэхүү асуудлыг илүү ихээр судлах шаардлагатай байгаа учраас цувралаар бичих болно.

Харин уншигч Та бүхэн санаа бодлоо хуваалцана гэдэгт итгэж байна. Хамтдаа гарц олъя.

 

Жич: Жишээнд дурдсан хүмүүсийн нэрс бодит биш болохыг анхаарна уу. Тэдэнд байрнаас илүүтэй бие биенээ гэсэн зүрх сэтгэл байгаа болохыг мөн анхаарна уу.

 

2012.11.20

Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл:


энэ бол асуудал
Бид гарц олох хэрэгтэй сайхан санаа гаргаж ирлээ. Залуучууд нэг шиидэлд хүрэе
Бичсэн: byambaa (зочин) цаг: 16:55, 2012-11-25 | Холбоос | |


Bentel: Тиймээ боломж үргэлж нээлттэй. Харин миний бодлоор тань шиг ийм боломжийг бий болгосон нь цөөхөн байх. Одоо хотын даргын яриад байгаа гэр хорооллыг шугам сүлжээнд холбох нь зөв зүйл. Тэгвэл хүмүүс хямд үнээр байшин барих, 0.07 га газраа аваад амьдрах боломж бололцоо бий болох байх гэсэн гарц байж болох юм.
Үл хөдлөх хөрөнгөтэй байхад банкинд барьцаалаад зээл авах гэх мэт боломжүүд бий болно.
Бичсэн: Turbold цаг: 15:08, 2012-11-22 | Холбоос | |


манай нэг найз энд байгаа 2 шиг 6% зээл авсан гэсэн урьдчилгаагаа бас эхнэрийнхээ ахаас зээлчихсэн, одоо болгож л байгаа байх.

бас нэг найз 3 жилийн өмнө хамж шимээд ахынхаа ажилладаг барилгын компанид байр захиалсан. хэдэн сарын дараа ашиглалтанд орохоор нь үлдэгдэл дээрээ машины мөнгө нэмээд зээл авчихсан. одоо 10-аад саяын машин унадаг байртайгаа, бас зээлтэй. давуу тал нь тэр өөрөө банканд ажилладаг байсан.

нэг найз бас байрны урьдчилгаа сэтгээд захиалсан. үлдэгдлийг нь ашиглалтад орохоор нь зээлсэн...

бас нэг найз аав нь ойр зуурын засал хийдэг барилгын компанитай байсан. гэхдээ олон жил гэр хороололд амьдарч байгаад /аав ээж хоёртойгоо ажилладаг/ байр авахуулсан. дараа нь бас хэдэн жил ажиллаж байгаад томруулсан, хууччуулыг нь мэдээж аав ээж хоёр буцааж аваад зарахыг нь зарж дүү рүү нь шилжүүлэхийг нь шилжүүлсэн.

би өөрөө, эхлээд зам дагуу жижигхээн нурж унах гэж байгаа хашаа байшин зээлэн барин авсан. явцын дунд зассан. дараа нь томруулахдаа 100 хувийн хадгаламж банкны зээлээр хашаа байшин авсан. хуучнаа зараад япон тэрэг авсан. 10 саяар авсан томхон байшиндаа 3 жил амьдарсан. цалин өсөөд ирэнгүүт цалингийн зээл авая гэж хаан банк дээр очсон. яах гэж байгаан гэхээр нь хашаа байшингын 8 саяын зээлтэй байгаа тэрийгээ дарах гэсийн гэсэн. өөрөөс нь зээл авах гэж байгаа болохоор хаан банк дуртай өссөн. тэгээд хашаа байшингын бичгээ банкнаас авчихсан чинь зармаар санагдаад. 15 саяар зараад 8 саяын өрөө дараад үлдсэнээр нь нэмж хачирлаж байгаад 58 саяын байр зээлээр авсан. урьдчилгаа 15 хувь байсан. жил хагасын өмнө авсан байр лдоо 80 сая хүрчихсэн. энэ бүхний давуу тал нь цалин өсөлт сайтай томоохон улсын төсөвт компанид тасралтгүй ажиллаж байгаагийнх. банкуудтай нягт ажиллаж ядаж ажилтнууддаа ийм боломж өгч байна... залуус өөр өөрийнхөө өнцгөөс олж харна биз дээ, боломж заавал бий... аа тийм. ээж аав хоёр байр авах гэж байна, 25 саяар хашаа байшингаа зарна, 17 хавьцаа таньдаг найзаасаа зээлээд 100 хувиар жижигхээн байр захиалчихна. 17 саяыгаа хүүхдүүд нь хамжилцая гэцэн байгаа...
Бичсэн: bentel цаг: 14:44, 2012-11-22 | Холбоос | |


123
Танай хоёр найзын хувьд зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. 2 өрөө байрыг 21 саяар авна гэдэг бол болж байна.
Хөдөө орон нутгаас хотод ихээр шилжин ирж байгаа нь тэнд дэд бүтэц муу, зам харилцаа муу гээд нөгөө улс орны бодлого тодорхойлогчтой хамааралтай болоод байна. Орон нутагт амьдрах боломж бололцоо байгаа бол би ч гэсэн тэнд амьдрахад татгалзах зүйл алга.
Зах зээл хаана байна, тэнд л өрсөлдөөн бий болдог бололтой юмаа.
Тиймээ орон нутгийн хөгжилд залуусын хүчийг дайчлах хэрэгтэй бизээ. Үүний гарцыг бас олж л таарна. Бусад орны туршлагыг бас судлах нь зүйтэй байх. Сэтгэгдэл бичсэн явдалд баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 14:09, 2012-11-22 | Холбоос | |


Байр авлаа юу: Тиймээ байр авлаа юу л байна. Тогтвортой ажлын байртай хэдий ч зээл төлөх цалингийн хэмжээ нь хүрэхгүй байна шүү дээ.
Мөн зээл авах боломж нь хязгаарлагдмал. Гадаадын Улсуудын хувьд 20-30 жилийн моргейжийн зээл авдаг, ийнхүү зээл авахад цалин өндөр, засгийн тогтвортой хөгжилтэй байдаг учраас эрсдэл багатай гэх мэт байдаг. Манайд эсрэгээрээ төр нь 4 жилээр бодлогоо тодорхойлдог. Шинэ засаг гарч ирээд өмнөхөө үгүйсгэдэг. Үүнээс болж ард иргэд л хохирч байна. Үүний гарц нь бодлогоо алсын хараатай тодорхойлох зүйтэй байх.
Бичсэн: Turbold цаг: 14:02, 2012-11-22 | Холбоос | |


hi
ядаж л зовж зовж авсан байр сууц нь чанартай байгаасай...
Саяхан манай 2 найз сүхбаатар аймагт очиж ажиллаж амьдрахаар болоод тэндээс 2 өрөө байрыг хорин хэдэн саяаар авсан сураг байсан. Зарим хүмүүс заавал хотын утаан дунд чихэлдэж байхаар хөдөө орон нутагт амьдарч, хөгжилд нь хувь хнэмрээ оруулбал ямар вэ гэсэн 1 санал бас байна.
Бичсэн: 123 (зочин) цаг: 10:49, 2012-11-22 | Холбоос | |


Байр авлаа юу?
Одоо бидний амьдарч байгаа нийгэмд яалт ч үгүй ар гэр нь бололцоотой айлын хүүхэд эсвэл нэлээн өндөр цалин, тогтвортой ажлын байртай байхгүй бол байр авлаа юу л гэмээр байна даа. Арай хийн хөөцөлдөж байр авлаа гэхэд дор хаяж 15 жил сар болгон төлөх мөнгөний дарамтанд явна. Залуусаа, залуу гэр бүлээ дэмжсэн төрийн бодлого, хувийн хэвшлүүдийн нийгмийн хариуцлага үгүйлэгдэж байна...
Бичсэн: Зочин цаг: 14:03, 2012-11-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax