Ойрын үед блогтоо бичлэг бичилгүй, харин блогчдын бичлэгийг уншиж, ганц нэг сэтгэгдэл бичээд их л сайхан байна.
Энэ амралт оюутан байх хугацааны минь сүүлийн амралт болоод ч тэрүү зүгээр л сайхан амармаар санагдаад, энэ тэр онолын ном унших, зарим нэг зүйл бичихээс залхуу хүрээд байхын. Нэг найздаа иймэрхүү маазарсан байгаа талаараа бичсэн чинь надад маш сайхан үгийг хариуд нь хэлж улам маазруулсан юм. Ход ход. “Хүн ямар ажиллахын төлөө төрсөн биш”. Тиймээс зүгээр л сайхан амарсан дээрээ гэсэн. Энэ үгийг нь санан бодоод л сайхан амарч байна.
Блогтоо бичлэг бичье гэхээр толгойд маш олон бодлууд орж гараал байх юм. Гэхдээ энэ удаад Их сургуульд ороод хэрхэн яаж нэг хөглөж байснаа дурсан бичихийг бодлоо. Хүмүүс иймэрхүү зүйлээ бичихийг нэг их хүсдэггүй байх. Харин би энэ талаар бичмээр санагдчихлаа.
Мөрөөдөл бол зүгээр л хүний гайхамшигт үнэт зүйл. Хүн бүхэн л мөрөөдөж байдаг. Мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг.
Их сургуульд анх ороод анх яаж шалгалтандаа унаж байснаа бодохоор үнэхээр гутармаар санагдаж, бас cайхан дурсамж өөрийн эрхгүй цээжинд багтаж ядна. Уналт гэдэг бол өсөн дэвжихийн нэгэн хөшүүрэг гэдгийг тэр үед бага зэрэг ойлгосон билээ. Анх их сургуульд ороод хүсэл мөрөөдлийнхөө багахан хэсгийг биелүүлсэн гэж өөртөө багагүй урамшиж сэтгэл өөдрөг хичээлдээ явж байсансан. Анхны шалгалт, анх өөрийгөө их сургуульд ороод үнэлүүлэх нэгэн боломж. Миний санаанаас тэр шалгалт хэзээ ч гардаггүй юм. Гарах ч үгүй байх.
Нэг их сүрхий хүн философийн шалгалтанд бэлдэж нээх зузаан ном уншаад өөрийгөө тэрүүхэндээ шалгалтанд бэлдээд болчихлоо гэж үнэлж билээ. (Ичмээр юм. инээв.)
Гэтэл бодит байдал тэс өөрөөр эргэж 10 онооны шалгалтаас 4 оноо авч өөрийгөө ямар сул дорой “чи яагаад ч сурах арга барилаа олох болоогүй” гэдгээ анхны шалгалтандаа унаад мэдэрч билээ. Энэ бол миний хувьд тухайн үеийн том уналт, бас өөрийгөө маш ихээр буруушааж зэмлэж байсан үе. Тухайн үед шалгалтандаа уначихаад яаж гэртээ харьж байснаа санадаггүй юм. Аргагүй биздээ өөртөө дэндүү итгэлтэй байсан юм чинь. Ход ход.
Тэр цагаас л ухаарал, хичээх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх балчирхан зүрх минь цохилж эхэлсэн. Их зүйл уншихдаа гол нь биш яаж? хэрхэн арга барилаа олох нь хамгийн чухал гэдгийг ухаарсан. Гэхдээ ухаарлаа гээд түүнийхээ төлөө тэмцэх нь хамгийн чухал гэдгийг бас ойлгосон.
Би тэр шалгалтанд гайгүй өндөр оноо авсан бол нилээн хөөрөөд юу ч бодохгүй байсан байх биз. Болоод байнаа гээд л...
Гэвч тэр шалгалт 100 онооны шалгалт харин аз болоход биш байсан. 10 онооны зүгээр л нэг явцын шалгалт байсан. 10 онооны шалгалт ч гэсэн миний хувьд 4 оноо авна гэдэг бол хүсээгүй үр дүн, мартагдахааргүй нэгэн уналт байсан юм.
Тэр цагаас хойш иймэрхүү үр дүнг гаргахгүй, 40%-иас дээшээ л амжилт үзүүлэхийг хичээж эхэлсэн дээ.
Одоо ингээд бодоход ухаарал, хичээл зүтгэл хайрласан уналт байжээ.
Уналт гэдэг бол зүгээр нэг уналт байгаад зогсохгүй эцэс төгсгөлгүй хүсэл мөрөөдлийн эхлэл нь байдаг. Харин уначихаад хурдан босох нь хамгийн чухал байх.
Газраас хүн унадаггүй. Өндөрлүү гарах гэж яваад буруу гишгэж хальтарч унах нь элбэг байдаг. Хүн бүхэн л өндөрт гарч хорвоо ертөнцийг өргөн нүдээр харахыг зорьдог шүү дээ.
Унаж байж л ухаарал ирэх юм даа.
Дао: Одоо бодохоор их сайхан санагддаг юм. Их л сэтгэл өөдрөг байсан юм байна даа.