Жич: Энэхүү нийтлэлийг 2 жилийн өмнө бичиж байсан. Бүр өөрийн бие даан гаргасан ЭХЛЭЛ номондоо оруулсан билээ. Харин энэ удаа өөрийн блог дээрээ оруулахыг хүслээ. Учир нь би энэ 2012 оныг ОНЬСОГО шиг он байх гэж бодож байгаа. Тиймээс та бүхэнтэй энэ талаар өөрийн үзэл бодлоо мөн хуваалцахыг хүслээ...
.................................................................................................................................
Эзэн богд Чингис хаан одоогоос найман зуун жилийн тэртээд хүлэг морьд, хүчирхэг баатрууд, өөрийн омог, хүч чадал, оюун ухаанаараа дэлхий дахиныг донсолгож, байлдан дагуулж, түүн дээр оршин тогтнож амьдардаг хүн ардыг нэгтгэж нэг захиргаадалтанд төвлөрүүлж, өөрийн мэдэлд оруулахыг хүсэж байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг буй. Ингэж дэлхий дахиныг эзлэх нэгтгэх нь нэр хүнд, эрх мэдэл, өмч хөрөнгө мөн өөр бусад маш олон зүйлтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм. Өөрийнх урдаас эсэргүүцсэн, өширхсөн, шударга бус, худал хуурмаг, бялдууч зан гаргасан хэнийг ч болов өршөөдөггүй энэ байдал нь түүний сүр хүчийг илтгэж буйн хэрэг мөн бөгөөд хэн нэгэн хүнд бахархмаар, сүрдмээр, аймаар, жигсэж зэвүүцмээр санагдаж болно. Гэхдээ л есхөн настайдаа өнчирч, амьдралын хатуу бэрхийг өөрийн биеэр туулж, тэмцэж, ялж дэлхийн түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэг болж чадсан Чингис хаанаараа бид бахархах нь зүй ёсны хэрэг бөгөөд зүрх сэтгэл доторх омогшлыг өөрийн эрхгүй төрүүлдэг.
Улс гүрнүүдийг нэгтгэж, нэг захиргаадалтанд оруулна гэдэг зүгээр амаа ангайлгаж ярьж, идэж сууж, хэвтэж байгаад хийчихдэг амархан зүйл биш нь тодорхой.
Чингис хааны байлдан дагуулал, түүний хосгүй оюун ухаан, заль мэх, арга тактикийг тухайн үед өрсөлдөн тэмцэгч улсуудын хувьд түүний эсрэг ямар аргаар хэрхэн яаж, тулалдах аргаа олж чадахгүй эзлэгдэж, мөн тэрхүү улс сүйрэн мөхөж, амьдралынхаа бүхий л хүч хөдөлмөр, оюун ухааныг шингээж барьж байгуулсан барилга байгууламж, хот тосгонууд хоромхон зуурын хугацаанд мөхөж сүйтгэгдэж, эрдэнэт хүний амь нас үрэгдэж байсныг түүхийн алтан хуудас гэрчлэн үлдээсэн байдаг билээ.
Энэ мөхөл, сүйрэл үгүйрэл бол хэсэгхэн газар нутгийг хамарсан буруу удирдагчын хар гайгаар бий болсон хувьгүй ард иргэдийн мөхөл гэж түүхээрээ бахархаж, омогшин тайлбарлаж сууна.
Харин сүүлийн үед хүмүүсийн ярианы сэдэв болоод яриад, бичээд муу ёрлөөд байгаа 2012 онд болно гээд байгаа эх дэлхийн маань сүйрэл, үгүйрэл бол хүн төрөлхтний мөхлийн талаарх ойлголт, цуурал, ам дамжсан билэггүй яриа их гарах болжээ.
Энэ тал дээр өөрийн үзэл бодол санаагаа хуваалцахыг хүсэж эргэцүүлж сууна.
Эргэцүүлэлийг бичиж байгаа өдөр бол 2010 оны 1 дүгээр сарын 23-ны Бямба гараг 2012 он гарахад 707 хоног, 16968 цаг үлдэж, 2012 оны 12-р сарын 21-ны өдөр болоход 2 жил 333 хоног 13 цаг үлджээ.
Энэ бол бидэнд амьд байх цаг хугацаа хэдий хир үлдээд байгааг барагцаалан тоймчилсон зүгээр нэг тоо бус, ер бусын хачирхалтай бас эмгэнэлтэй долоогоор эхлээд долоогоор төгссөн, амьд амьтад тэр дундаа хүн төрөлхтөн гэдэг агуу зүйлийн төгсгөлийн сүүлийн амьсгалах алтан агшин, ямар ч үнээр үнэлж болохгүй, бас бичиж болмооргүй үнэт зүйл мөхөх гэж байгаа тэр цаг хугацаа юм. Гэхдээ ингээд бичиж сууж байгаа минь үнэлж барахгүй амьдрах цаг хугацаагаа компьютерын ард өнгөрүүлж, дээр бичсэн сүйрэл хэрвээ болох юм бол бичиж буй зүйл маань ямар ч хэрэггүй, үнэ цэнэгүй, хэн ч дахин сөхөж эргүүлж үзэхгүй болох зүйлийг бичээд сууж байгаа минь хачирхалтай яа.
Дэлхий бол нарны аймгийн гарагуудаас ялгарах онцлог нь дахин давтагдашгүй, тэр дундаа хүн төрөлхтөн, амьтны аймаг, амьд ургамал гээд амьсгалж болдог бүх зүйл энэ бөмбөрцөг дээр байгаль, цаг уурынхаа нөхцөл байдалд тохирон дасан зохицож, оршин тогтнож, хүмүүс нь бие биенээ хайрлаж, хүндэтгэж, туслаж, нөхөрлөж, зарим нэг нь бусдыгаа дорд үзэн дээрэлхэж, тэвчисгүй зүйлүүдийг хийж, хийлгэж, маш олон зүйлүүд хаа нэг газар нь болоод өнгөрч байдаг, бас шинэ бүхнийг санаачлан эхлүүлж чаддаг оюун ухаант хүн төрөлхтөн дэлхий дээр амьдардаг гэдгээрээ бусад гарагуудаас онцгойрч чаддаг билээ.
Харин эх дэлхийн гайхамшигт бүтээлүүдийн нэг бол хүмүүс маань өөрсдийнхөө хэдий хир амьд байх, хэзээ үгүйрэн алга болох аймшигт харуусалтай өдрөө тоолон 2010, 2011 гээд 2012 болж солигдох зүгээр нэг солигддог он тоололыг битгий болоосой гэж түгшэн хүлээж сууж байгаа дүр төрх сүүлийн үед ажиглагдах боллоо.
Хүлээлт нь маш олон янз байдаг. Харин энэ хүлээлт бол бүү болоосой гэсэн хүн төрөлхтний аминчхан зүрхээ цохилохыг хүртэл өөрөөсөө харамласан, ямар ч их үнэ цэнээр худалдаад авч боломгүй эх дэлхийнхээ агаараар амьсгалж байгаа бүх амьд организмуудын[1] айсан түгшсэн, санаа нь зовсон хүлээлт.
Хүн өөрийгөө энэ дэлхий ертөнц дээрээс алга болох үхэх өдрөө мэднэ гэдэг миний хувьд аймшигтай санагдаж, энэхүү бага хугацаанд юу хийж, яаж амьдрах вэ гэсэн бодол толгойд орж ирээсэй илүүтэйгээр яаж тэр үгүй болох гээд байгаа цаг хугацааг удаан өнгөрүүлж байхгүй болгох вэ гэсэн бодол л толгой дотор яг одоо эргэлдэж байна. Энэ нь хүн өөрийгөө тэр үед үхнэ, байхгүй болно гэж төсөөлж чадахгүй байгаатай холбоотой бизээ.
Дэлхий сөнөх гэдэг бол амьд амьтад үгүй болох ойлголт юм. Ингээд төсөөлөөд үзэхээр ямар сонин мэдрэмж төрж байгааг хэлэхэд хэцүү байна. Хэн нэгэн хүмүүсийн билэггүй цуурхал ярианаас болж хүн төрөлхтөн үгүй болох нь хаа юм, гэхдээ л байгаль дэлхий биднээс өөрийг нь ингэж их хайрлахгүй байхад хариугаа ямар нэг байдлаар авах нь гарцаагүй бизээ. Хариугаа авахаас нь өмнө амжиж зөв алхамууд хийх хэрэгтэй. Анд нөхөд минь.
[1] Амьд организм гэдгийг амьсгалаж, дэлхий дээр зохицон амьдарч чадаж байгаа бүх амьтай бүхнийг илэрхийлэн бичсэн болно.