2012-10-18
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНД СУРТАЛ БА ХҮНИЙ ЭРХ*
     Удиртгал 
    Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[1] заасан. Ардчилсан ёсны зарчмын гол агуулга нь ил тод[2], нээлттэй, хүртээмжтэй байх зарчмуудыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм[3]. Энэ утгаараа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх учиртай.

Сүүлийн үед хийгдсэн судалгаануудаас харахад “хүнд суртал” гэх ойлголтыг төрийн байгууллагатай холбон тайлбарлах хандлага түгээмэл ажиглагдана[4]. Төрийн байгууллагаас иргэдтэй харилцах харилцааны явцад хүнд суртал үүсэж байна[5].

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т[6] заасны дагуу бол Төрийн байгууллагын албан тушаалтнууд иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байтал энэхүү үүргээ үл ухамсарлан хүнд суртал гарган хүний эрхийг зөрчих тохиолдол гарах болсныг судлаач оюутан миний бие сонирхон судалж “Төрийн байгууллага дахь хүнд суртал хүний эрх”[7]-ийг хэрхэн зөрчиж, хүндрэл чирэгдэл учруулж буй байдлыг төрийн байгууллагын хууль тогтоомж, үйл ажиллагааны явцад үүсэж буй “хүнд суртал”-ын талаар судлан бичиж, хүний үндсэн эрхийг хамгаалах талаар санал, дүгнэлтийг тусгахыг зорилоо.

Судалгааны арга зүй

Төрийн байгууллагуудын иргэдэд ил тод, нээлттэй хүртээмжтэй үйлчлэхэд чиглэсэн дүрэм журмыг судалж “хүнд суртал” үүсгэх шалтгаан нөхцөл байгаа эсэхийг тодруулах үүднээс судалгааны норматив[8], мөн баримт бичгийн, дискриптив[9] судалгааны арга зүйг ашиглав.

үүсэх шалтгаан

Хүнд суртал гэдэг нь “Бюрократизм” гэдэг үгний оновчтой бус орчуулга юм. Энэ нь Францаар “бюро”/bureau/ буюу “бичгийн ширээ” “крати” /-cratie/ хэмээх төгсгөлөөс бүрдэх /грек. Kratos буюу засаглал, эрх мэдэл гэсэн үгнээс үүдэлтэй/ “захиргааны засаглал” гэсэн утгатай үг[10]. Социологич Макс Вебер “брюкрати”-г хууль ёсны засаглалын рациональ хэлбэр хэмээн эерэг байдлаар тодорхойлсон байдаг. Учир нь бусад хэмжээгүй эрхт засаглалыг бодвол түшмэдийн засаглалын үед хуулийг баримтлах ёстой тул хэн нэгнийг дээгүүрт эсхүл доогуурт үзэх зэргээр дураар авирлах боломжийг зогсоох боломжтой гэж тэрээр үзсэн байна.

Харин Монголчуудын хувьд хүнд суртал гэдгийг төрийн захиргааны байгууллагын чирэгдэлтэй, хүний эрх, эрх чөлөөг хангахад саад тотгор болдог тогтолцоо хэмээн үзэх үзэл ойлголт бий[11].

Өөрөөр хэлбэл “Захиргааны засаглал” нь хүнд суртлыг бий болгох үндэс нь болдог. Учир нь захиргаа бол шатлан захирах ёсонд үндэслэдэг, их хэмжээний дүрэм, журмыг тогтоож мөрддөг зэрэг нь эргээд их хэмжээний зардал, ил тод бус байдал, олон шат дамжлагыг бий болгож түүний улмаас иргэдийн эрх зөрчигдөхөд хүргэдэг[12].

Тэгвэл “хүнд суртал” гэх ухагдахууны шалтгаан нь 2 үндсэн эх сурвалжтай[13].

1.    Хүнээс буюу төрийн албан хаагчдаас хамаарсан

·    Доороос гаргасан санал гомдол, шүүмжлэлийг дарах,

·    Олон шат дамжлага буй болгож тэдгээрт алба хааж буй түшмэдүүд нь идэвхгүй дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх,

·    Олон дарга бий болох

·    Албан хаагчид нь шүүмжлэлийн үр дагавараас болгоомжлох

2.    Хууль тогтоомж, дүрэм, журмаас хамаарсан

·    Голдуу хориглох хандлагатай олон тооны дүрэм, заавар, журам, тогтоол гаргах,

·    Дүрэм, журамд заагаагүй л бол ямар ч дэвшилттэй асуудал, санал санаачилагыг үл дэмжих гэх мэт.

Хүнээс буюу төрийн албан хаагчдаас хамаарсан хүнд суртал чирэгдэл гаргаж буй байдлын талаар судлан үзэхэд:

Хүнд суртлын илрэх шинж[14]

Нийтлэг ойлголт

Судалгааны дүн

Өргөдөл гомдлыг дарагдуулах

+

+

Доороос гарсан санал, гомдол, шүүмжлэлийг дарагдуулах

 

 

Олон шат дамжлага буй болгож тэдгээрт алба хашиж буй түшмэдүүд нь идэвхгүй дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх

+

+

Голдуу хориглох хандлагатай олон тооны дүрэм, заавар, журам, тогтоол гаргах

+

+

Дүрэм журамд заагаагүй л бол ямар ч дэвшилттэй асуудал, санал санаачилагыг үл дэмжих

+

+

Олон дарга бий болох

+

+

Албан хаагчид нь шүүмжлэлийн үр дагавраас болгоомжлох

+

 

Иргэдийг чирэгдүүлэх, үйл ажиллагаа нь удаан,үр нөлөө муутай

+

+

Төрийн албан хаагчдад мэргэжлийн ур чадвар дутагдах

 

+

Төрийн албан хаагчдыг шалгаруулалт дутагдалтай

 

+

Төрийн албан хаагчид дур зоргоороо аашлах

 

+

Дээрхээс үзэхэд захиргааны байгууллага дахь хүнд суртлын шинжүүдээс түүнийг үүсгэж буй шалтгааныг тодорхойлох бололцоотой байна. Харин “хүнд суртал” нь: субъектив[15] объектив шалтгаануудаас[16] мөн хамаардаг.

Хүнд суртал гаргах болсон шалтгааныг 26% нь хахууль авах гэж гаргадаг, 20% нь асуудлыг өөрийн танил талдаа юмуу хахууль өгсөн хүний талд шийдэх гэж, 15% нь угаасаа хүнтэй харьцаа муу учраас, 10% нь ажлаа мэддэггүйгээс хэмээн хариулжээ[17].

1. Төрийн албан хаагчийн ёс зүй[18], зан харилцааны хувьд: Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авдаг хэдий ч ёс суртахуун, зан харилцааны хувьд сул, төрийн албан хаагчийн шаардлагыг хангаагүй ажилтнууд их байна. Иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнгээс харахад 2.5% нь төрийн албан хаагчдийн зан харилцаа хангалттай хэмжээнд гэсэн бол 41.4% нь боломжийн, 54.3% нь муу, 1.8% нь хэлж мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн[19].

Эндээс харахад ихэнх хүмүүс төрийн албан хаагчдын зан харилцаанд сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Төрийн албан хаагчдын хувьд ажлын ачаалал их, зарим нь ажлаа сайн мэддэггүйгээс болж муухай ааш зан гаргах явдал нь тэднээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй явдал бий болохыг үгүйсгэх аргагүй юм. Гэвч энэ байдал нь хүнд суртал үүсэх нэгэн шалтгаан нөхцөл болдог байна.

2. Иргэдийн өргөдөл, гомдлыг түргэн шуурхай, үнэн бодитой шийдвэрлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын дотор хүнд суртал гаргаж, хөшүүн хойрго хандаж чирэгдүүлдэг дутагдал байгааг доорх судалгаанаас харж болохоор байна[20].

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд хүнд суртал гарах явдал дийлэнх хувийг эзэлж буй дүр зураг харагдаж байна. Гүйцэтгэх албан тушаалтнууд хүнд суртал, чирэгдэл гаргах явдал нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэрхэн муу, сэтгэлд нь хүрсэн бус үзүүлж байгаагийн нэгэн тод илрэл болов уу.

3. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар иргэд төрийн байгууллагуудын олон шат дамжлага, хүнд суртал нь аливаа ямар нэгэн ажилд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулдаг хэмээн 28.1% нь, мөн хэрэгтэй, хэрэггүй олон төрлийн бичиг баримт бүрдүүлэлт[21] ихээхэн бэрхшээлтэй гэж 14.6% нь үзэж байхад Мэргэжлийн хяналтын байгууллагуудын[22] олон төрлийн хяналт шалгалт бэрхшээлтэй гэж 17.3 хувь нь үзжээ[23].

Мөн 2009 онд хийсэн судалгаанаас харахад:

Төрийн байгууллагын шат дамжлаг, бичиг баримт бүрдүүлэлт нь бизнес болон ажил хэрэгт хүндрэл бэрхшээл үзүүлдэг гэж 34.6% нь үзсэн бол, 33.6% нилээд хэмжээнд, 23.7% нь бага зэрэг бэрхшээлтэй байдаг гэжээ.

Нийт тус судалгаанд хамрагдсан хүмүүсийн 91.9% нь төрийн байгууллага дахь шат дамжлага бүхий бичиг баримтыг багасгах хэрэгтэй гэсэн өөрийн саналыг тусгасан байна[24].

Эндээс дүгнэлт хийвэл төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилчдын хувьд хүнд суртлыг гаргаж хүний эрхийг зөрчиж байгаа нь дээрх судалгааны баримтуудаар нотлогдож, үүсэж буй шалтгаан нөхцөл нь хүртэл тодорхой байна.

 

Харин Хууль тогтоомж, дүрэм, журмаас хамаарсан хүнд суртлын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд: Эрх зүйт төрийн нэг үндсэн шинж бол төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гагцхүү хуулийг баримтлах, үүнээс үүдэн нийгмийн харилцааны тал бүрийг нэг бүрчлэн хуульчлах явдал бөгөөд төрөөс нийгмийг удирдах үндсэн арга нь хууль юм. Энэхүү хууль тогтоомж нь нийгмийн харилцаатайгаа байнга уялдан түргэн шуурхай зохицуулалтыг шаардаж байдаг.

Гэтэл зайлшгүй зохицуулах ёстой харилцаанаас хальсан хуулийн нүсэр тогтолцооноос болж хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчид иргэдэд хүнд суртал гаргаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь байдаг[25].

 Судалгааны эхний хэсэгт хүнд суртлын шалтгааныг төрийн байгууллагын албан хаагчидтай холбон үзэж тайлбарлаж, үүсгэж буй үндэслэл нөхцлийг судалсан бол хууль тогтоомж хэрхэн хүнд суртал чирэгдэл учруулж байгааг мөн судлан үзэхэд дараах зүйлүүд ажиглагдлаа.

 Хууль тогтоомжид заасан төлбөр хураамжийн байдал:

1. Төрийн байгууллагууд төлбөр, хураамжийг хууль зүйн үндэслэлгүй, дураараа тогтоох болсон явдал. Одоогоор 93 хуульд төлбөр, хураамж тогтоох эрхийг албан тушаалтнуудад олгосон байна. Түүнээс гадна хуулиас гадуур төлбөр, хураамжийг бий болгох, үйлчилгээндээ хэрэглэж буй маягт, гэрчилгээ, үнэмлэх, бичиг баримтын үнийг төлүүлэх, үйлчилгээг задалж тус бүрт нь төлбөр тогтоох[26], ажлын бус цагаар үйлчлүүлбэл төлбөр авах гэх мэт олон хэлбэрээр төрийн байгууллага үйлчилгээ үзүүлэхдээ хууль бусаар элдэв төлбөр, хураамж иргэдээс авч байна[27]. Энэ нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж байгаа хүнд суртлын хэлбэр юм.

 Дүгнэлт

Төрийн байгууллага дахь хүнд суртал хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар судлан үзэж, судалгаануудыг харьцуулан дүгнэхэд манай улсын хувьд хүнд суртал бага хэмжээгээр нийгэмд байгаа үзэгдэл бус нийтийг хамарч, хүндэрч бугларсан идээ бээр шиг газар авсан нь судалгааны явцад ажиглагдлаа.

Төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, иргэдэд үйлчлэх ёстой байтал авлигал, хээл хахууль, танил тал, хамаатан садан, төлбөр, хураамж гэх бусармаг үйлдлүүд иргэдийг ихээхэн бухимдуулж Монгол Улсын Үндсэн хууль, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан хүний үндсэн эрх болох “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй” гэх хүний эрхийн заалтыг үл ухамсарлан хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулж байна. Энэхүү шударга бус үйлдлийг зогсоохын тулд дараах саналыг тусгаж байна.

     Санал

1. Төрийн албанд сонгон шалгаруулж авахдаа тухайн хүн “хэнд хэрхэн үйлчлэх” ёстойг чиг үүргийнх нь дагуу үнэн бодит, шударга сонгон шалгаруулах, цаашлаад зан харилцаа, ёс суртахууны байдлыг нь харгалзан үзэх нь зүйтэй болов уу. Учир нь танил тал, хамаатан садныхаа дэмжлэг, авлигал, хээл хахуулиар тухайн ажилд орсон хүн тэрхүү ажлыг чин сэтгэлээсээ сэтгэл гарган хийх нь эргэлзээтэй бизээ. Төрийн албанд сонгон шалгаруулж авах тогтолтоог улам боловсронгуй болгож, төрийн албан хаагчийн ёс зүйн шалгуурыг өндөрсгөж, хүлээлгэх хариуцлагыг нь тодорхой нарийвчлан тусгах шаардлагатай. Мөн төрийн албанд ажиллаж байгаа ажилчдыг мэрэгшүүлэх, давтан сургалтанд үе шаттайгаар суулгах, төрийн албан хаагчийн мэргэжлийн ур чадвар, ажилласан жилээс хамааран албан тушаал дэвших тогтолцоог бий болгох.

2. Хууль тогтоомж, дүрэм журам, тогтоол шийдвэрийг үндэслэлтэйгээр баталж, мөрдүүлэх. Хууль тогтоомж нь нийгмийн харилцааг зохицуулах гол хөшүүрэг хэдий ч хэтэрхий олон, адилхан хэм хэмжээг зохицуулсан зохицуулалтууд нь давхардаж ихсэх тусмаа иргэдэд тэр хэмжээгээрээ хүндрэл чирэгдэл учруулна. Ийнхүү хүндрэл чирэгдэл учирч байгаагийн нэг шалтгаан нь баталж гаргасан хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг нийт ард иргэдэд сурталчилахгүй байгаатай холбоотой. Батлагдан гарсан хууль тогтоомж, эрх зүйн актыг мэдэхгүй иргэд бухимдаж, уцаарлахдаа энэ хүмүүс хүнд суртал гаргаж байна гэж үзэх хандлага гарч болзошгүйг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс үйл ажиллагаандаа ил тод байдлыг хангаж, хэвлэл, мэдээллийн байгууллага хүссэн цагтаа шаардлагатай мэдээлэлээр хангагдах боломж бололцоог бүрдүүлж, иргэдэд нээлттэй шуурхай мэдээлэх тогтолцоог бий болгох.

3. Төрийн албан байгууллагуудын хүнд суртлыг багасгах үүднээс өөрийн үйл ажиллагааны талаар иргэдээс санал асуулгыг хагас жил тутам авах, үүний үр дүнд авах арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх. Энэхүү судалгаандаа төрийн албан хаагчийн зан харилцааны соёл, хувийн байдлын талаарх үзүүлэлтүүдийг оруулж судалж болох юм. Мөн өөрийн байгууллагын сайтаар дамжуулан иргэдийн санаа бодлыг байнга сонсож байх.

 2011.1сар


* Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн Эрх зүйн 5 дугаар курсын оюутан Болор-Эрдэнэ овогтой Төрболд

[1] Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл сэтгүүл //, (1992), 1

[2] Нарангэрэл.С. Эрх зүйн эх толь бичиг ///, “Нийгэмд ач холбогдолтой процедур ба үйл явцыг (төлөөлөгчдийн ба гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, шүүх, нутгийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох байгууллагыг сонгох буюу бүрдүүлэх журам, хуулийн төслийн хэлэлцүүлэх, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зэрэг) дээд зэргээр нээлттэй байлгах ба тэдгээрийн талаар хүн амд өргөн мэдээлэхийг тэмдэглэсэн эрх зүйн ерөнхий нэр томъёо”, УБ, (2008), “Адмон”, 227 дахь тал.

[3] Лүндэндорж.Н. Хууль хяналтын байгууллагууд дахь хүний эрх ба хүнд суртал, Судалгааны дүн. УБ, (2008),

[4] Үүнд: Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газраас хийсэн “Хүнд суртлын индекс 2009”, УБ, (2009.12)

Ариунбаяр.М. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хүнд суртлыг бий болгож буй зарим асуудал, УБ, (2008),

Лүндэндорж.Н. Хууль хяналтын байгууллагууд дахь хүний эрх ба хүнд суртал, Судалгааны дүн. УБ, (2008),

Мөнхбаатар.Л. Хүний эрх ба Иргэний бүртгэл, УБ, (2008),

Норовсамбуу.Ж. Хүний эрх ба төрийн албан хаагчийн гомдол, маргаан шийдвэрлэлтийн өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал, УБ, (2008),

Оюунчимэг.Д. Гаалийн байгууллагын ил тод байдал ба хүний эрх, УБ, (2008),

Сандуй.Ц. Нээлттэй газрын харилцаа, УБ, (2008),

Солонго.Д. Хамтын бүтээл: Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал. Судалгааны тайлан, УБ, (2008)

Сангарагчаа.Ч. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах нь хүнд суртал, авлигатай тэмцэх нэн тэргүүний арга хэмжээ мөн. УБ, (2008),

[5] Солонго.Д. Хамтын бүтээл: Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос тухайн сэдвээр судалгаа хийлгэсэн. Судалгааны тайлан, УБ, (2008), 9 дахь тал

[6] Монгол Улсын Үндсэн хууль. 16 дугаар зүйлийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.”, Төрийн мэдээлэл сэтгүүл //, (1992), 1

[7] Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд: “... Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй ...”, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалсан.

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд зааснаар “... Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй ...”, Энэ пактад Монгол Улс 1974 онд нэгдсэн.

[8] Баярсайхан.Д. Эрх зүйн онол ///, “Нормативизм-... 2. Байх ёстой зүйлийн хийсвэрлэн томъёолсон хэлбэржсэн байдлын тусгагдахуун...”, УБ, (2010), “Экимто” хэвлэл. 233 дахь тал.

[9] Байгаа зүйлийн хүрээнд судлах арга.

[10] Солонго.Д. Хамтын бүтээл: Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос тухайн сэдвээр судалгаа хийлгэсэн. Судалгааны тайлан, УБ, (2008), 3 дахь тал.

Мөн Ариунбаяр.М. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хүнд суртлыг бий болгож буй зарим асуудал, УБ, (2008), “Хүний эрх ба Хүнд суртал” үндэсний чуулганд тавьсан илтгэлээс. 1 дэхь талд. “Хүнд суртал гэх ойлголт нь  хууль, түүнийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллага, энэ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаанаас бий болсон үзэгдэл” хэмээн тодорхойлжээ.

Ганбаатар.Б. Өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүнд суртал, “... Төр үүссэн үеэс үүсэлтэй боловч манай улсын хувьд Оросоор дамжин нэвтэрч, өнгөрсөн зууны хориод оноос дэлгэрэн 1990 он хүртэл үргэлжилсэн... бүр удамшсан. Доктор, Л.Түдэв”, Хүнд суртал нь хувь хүн төдийгүй хуулийн этгээд зарим тохиолдолд төрийн эрх ашиг, үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. УБ, (2008), 1 дэх тал.

[11] Мөн тэнд.

[12] Авлигатай тэмцэх газар, “Глоб интернэйшнл” ТББ, Нээлттэй нийгэм форумаас хамтран хийсэн “Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал” мониторингийн тайлан. УБ, (2008).

[13] Сангарагчаа.Ч. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах нь хүнд суртал, авлигатай тэмцэх нэн тэргүүний арга хэмжээ мөн. УБ, (2008), “Хүний эрх ба Хүнд суртал” үндэсний чуулган. 2 дахь тал.

[14] Солонго.Д. Хамтын бүтээл: Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос тухайн сэдвээр судалгаа хийлгэсэн. Судалгааны тайлан, УБ, (2008), 4 дэх тал.

[15] Захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар зэрэг хувийн шинжээс үүдэлтэй.

[16] Уялдаа холбоо муутай, хэт олон хууль, дүрэм журам, захиргааны байгууллагын оновчгүй зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалт /тогтолцоо/, захиргааны байгууллагад ажиллагсдыг /албан хаагчийг/ сонгон шалгаруулах, урамшуулах, хариуцлага тооцох механизмын дутагдал, ажлын байрны баталгаагүй байдал, г.м- улмаас үүсэж байна. Нэг үгээр хэлбэл “Хүнд суртал” нь төр /захиргаа/ - иргэний хоорондын харилцааны явцад бий болох бөгөөд иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаанд өгч буй сөрөг үнэлэлт хэмээн ойлгож болох юм. Учир нь захиргаа нь төрийг төлөөлж иргэнтэй харилцаанд ордог тул /тодруулбал иргэнд чиглэгдсэн хуулийг тодорхой тохиолдолд захиргаанаас буюу гүйцэтгэх засаглалын байгууллагаас хэм хэмжээний болон захиргааны акт гаргах хэлбэрээр хэрэгжүүлдэг/ хүнд суртлын тухай ойлголт ихэнхдээ захиргааны байгууллагатай холбогддог.

[17] Лүндэндорж.Н. Хууль хяналтын байгууллагууд дахь хүний эрх ба хүнд суртал, Судалгааны дүн. УБ, (2008), 7 дахь тал.

[18] Ёс зүйн гарын авлага ///. “Ёс зүй гэдэг нь “ETHIKethes (зан заншил, ёс суртахуун) гэсэн грек үгнээс гаралтай. Ёс зүй нь тухайн орчинд буй хүмүүст тавих шаардлага, дагаж мөрдөх зан үйлийн журам”, УБ, (2006),  6 дахь тал.

Нарангэрэл. С. Монголчуудын зан суртахууны гарваль ///.  “... Ёс зүй нь ёс суртахууны мөн чанар ба түүний олон янзын шинж ба илрэлийг шинжлэн судалдаг шинжлэх ухаан...” УБ, (2010), 15 дахь тал.

[19] Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газраас хийсэн “Хүнд суртлын индекс 2009 ///, УБ, (2009.12), 8 дахь тал.

[20] Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл. Үндсэн хуулиар баталгаажсан эрх. МУХЭҮК, УБ, (2008), 27-28 дахь тал.

[21] Жишээлбэл: Нэг барилга барихын тулд 120 гаруй гарын үсэг зуруулдаг. Энэхүү байдлаас болж албан газрын дарга нарын үүдийг сахих болдог. Тэдгээр албан тушаалтнууд нь чирэгдэл, хүнд суртал гаргаж, цаашлаад авлига хээл хахууль авахыг оролддог нь нууц биш зүйл болсон. Зохиогч.

[22] 2009 оны хүнд суртлын индексийн судалгаагаар “Мэргэжлийн Хяналтын Газар” нь газар, агентлагуудыг тэргүүлэн хамгийн их хүнд сурталтай байгууллага гэх судалгаа гарчээ. Эх сурвалж. “Хүнд сурталын индекс 2009”, УБ, (2009.12), 11 дахь тал.

Уул нь Мэргэжлийн Хяналтын Газрын хувьд иргэд, бизнесийнхэнд хамгийн их хүрч ажиллах ёстой хэдий ч хамгийн их хүнд суртал гаргадаг байгууллагаар тодруулсан нь тэд хянаж шалгаж, торгохоо урьтал болгоод зааж зөвлөх, алдаа дутагдлыг засч залруулах тал дээр хангалтгүй ажилладаг болохыг харуулж байна. Төр засгаас анхаарал хандуулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч үйл ажиллагаа нь сайжрахгүй байгаа нь судалгаа, болон бодит байдал дээрээс харагдсаар байна.

Мөн хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулдаг байгууллагуудыг дурьдвал: “Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Газрын алба, Цагдаагийн байгууллага, Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Төв, Хот, Дүүргийн захиргаа, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Үндэсний Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий газар, Иргэний Бүртгэл Мэдээллийн Үндэсний төв” гэсэн иргэдэд байнга тогтмол үйлчлэх ёстой байгууллагууд ар араасаа шил даран жагсаж байна.

[23] Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Эдийн засаг, бизнесийн шинжилгээ, үнэлгээний төвөөс эрхлэн хийсэн “Хүнд суртлын индекс 2007” судалгааны материалаас.

[24] Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газраас хийсэн “Хүнд суртлын индекс 2009”, УБ, (2009.12), 8 дахь тал.

[25] Лүндэндорж.Н. Хууль хяналтын байгууллагууд дахь хүний эрх ба хүнд суртал, Судалгааны дүн. УБ, (2008), 2 дахь тал.

[26] Жишээлбэл: Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын хэлтсийн даргын 2005 оны 12/61 тоот хамтарсан захирамж, тушаалын 6-д “материал хувилж, олшруулахад нэг хуудас нь 100 төгрөг авч байх”-аар заажээ.

[27] Сангарагчаа.Ч. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах нь хүнд суртал, авлигатай тэмцэх нэн тэргүүний арга хэмжээ мөн. УБ, (2008), “Хүний эрх ба Хүнд суртал” үндэсний чуулган. 2 дахь тал.


Сэтгэгдэл:


ih dajgvi sudalgaa bolsn bn.
Бичсэн: tseegii (зочин) цаг: 17:05, 2012-10-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax